Танилцуулга

2001 онд шинэчлэгдэн батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах газар байгуулагдсан.

2011 оны 12-р сарын 09-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газрын 2012 оны 2-р сарын 15-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулсан. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ. Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байна.

Хорооны үндсэн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Эрчим хүчний тухай хуулиар Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

  • Тариф тогтоох аргачлал боловсруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх;

  • Эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхыг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ тарифын тогтолцоог бий болгох;

  • Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг батлах, тооцоог хянах;

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх, шинэчлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хянаж, хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдэх;

  • Эрчим хүчний үнэ тариф индексжүүлэх журам батлах;

  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх

  • Хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн үйлдвэрлэн нийлүүлэх эрчим хүчний үнийн тооцоог хянаж, хуулийн хүрээнд тарифыг батлах;

  • Дамжуулах сүлжээнд холбогдох үүсгүүр бүхий үйлдвэрлэгчийн дамжуулагчтай байгуулах гэрээний загварыг батлах, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиар Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

  • Эрчим хүч хэмнэлтийн талаар үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах;

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчээс эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн талаар хийсэн ажлын жилийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулж авах;

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэх;

  • Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох;

  • Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх олгох;

  • Эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглээний талаарх мэдээллийн систем бүрдүүлэх, энэ талаар нийтэд сурталчлах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах;

  • Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

Эрчим хүчний Зохицуулах хороо нь дараах журмыг боловсруулах ажлыг зохион байгуулна.

  • Эрчим хүчний аудит хийх журам;

  • Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэхтэй холбоотой журам;

  • Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгохтой холбоотой журам;

  • Эрчим хүчээр ажилладаг машин, тоног төхөөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам;

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөө, боловсруулах аргачлал, тайлагнах журам;

  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам;

  • Холбогдох бусад дүрэм, журам.

  • Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүр Засгийн газарт тайлагнах;

  • Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээтэй холбогдон гарсан аливаа маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх.