» » А.Тлейхан: Эдийн засгийн хямралтай үед эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлж, тэдэнд дэм болж ажиллана

А.Тлейхан: Эдийн засгийн хямралтай үед эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлж, тэдэнд дэм болж ажиллана

2017 оны 01 сарын 05,    223


-Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ-

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы "Монголын үнэн" сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


А.Тлейхан: Эдийн засгийн хямралтай үед эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлж, тэдэнд дэм болж ажиллана-Таныг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болсонд олон хүн сэтгэл хангалуун байгаа. "Эрчим хүчний салбарын хүн салбартаа эргэж иржээ” гэдгээр нь хүмүүс хүлээж авч байх шиг байна. Ер нь А.Тлейхан гэдэг хүн эрчим хүчний салбарт анх хэзээ хөл тавьсан бэ?

-Би 1976 онд МУИС-ийн Эрчим хүчний инженерийн ангийг төгсч, III цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед III цахилгаан станцын Өндөр даралтын станцад ажиллуулахаар 13 хүнийг хувиарласан. Шинэ станц хараахан ашиглалтад ороогүй байсан учир бид нар найман сар үнс зөөж, цэвэрлэгээний ажил хийж байсан юм. Үүнээс хойш III цахилгаан станцад 20, Эрчим хүчний удирдах газарт 12, нийт 32 жил эрчим хүчний салбарт ажилласан. Би улсад 40 жил хөдөлмөр эрхэллээ. УИХ-ын гишүүнээр найман жил ажиллахдаа Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж дэд бүтэц, эдийн засаг, эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг сайжруулахаар ажилласан. Үндсэндээ миний хөдөлмөрлөсөн 40 жил бүгдээрээ эрчим хүчний салбарт шингэсэн гэж хэлж болно.

-Сүүлийн найман жилд УИХ-аас баталсан эрчим хүчтэй холбоотой тулгуур хуулиуд, хуулийн нэмэлт өөрчлөлтөд та орж ажилласан. Өнөөдөр та хууль хэрэгжүүлэгч байгууллагад ажиллаж байна. Эргээд харахад таны санаачилж, батлалцаж байсан хуулиуд хэр хэрэгжиж байна вэ. Ер нь амьдралд хэр наалдацтай хуулиуд болсон гэж та бодож байна?

-Би УИХ-д орохдоо том зорилт тавьсан. Нэгдүгээрт, улс эх орныхоо төлөө олон хэрэгтэй зүйл хийчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй, хоёрдугаарт, эрчим хүчний салбартаа хувь нэмрээ оруулах юмсан гэдэг бодолтой, гуравдугаарт, сонгогч олон түмэн, тойрогтоо хэрэгтэй байгаа зүйлсийг нь хийж өгөх юмсан гэсэн хүсэлтэй УИХ-д орж ирж байсан. Эрчим хүчний салбарт ажиллаж, нухлагдаж байсан хүний хувьд салбарынхаа зах зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө, мөнгөгүй алдагдалтай байдлаас салгах, гаднын хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн орчинг нь бүрдүүлж, орчин үеийн эрчим хүчний үйлдвэртэй болохыг зорьж байсан. Эдгээр зорилго минь өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр биелэлээ олсон. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа 2010 онд Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 72 дугаар тогтоолыг санаачилж, гишүүдтэйгээ хамтарч батлуулсан. Мөн Эрчим хүчний удирдах газарт байхдаа Эрчим хүчний салбарыг зах зээлд шилжүүлэх талаар судалгааны ажил хийж байснаа 2012 онд дуусгаж, "Эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Энэхүү судалгааны ажил, салбарт ажиллаж байсан дадлага, туршлага дээрээ үндэслэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг чармайж ажилласан. Ер нь УИХ-д найман жил суухдаа гишүүд, эрчим хүчний салбарын байгууллагууд, яам, зохицуулах хорооны удирдлагуудтай хамтарч нийт дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Өрсөлдөөний тухай, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гурван хуулийг шинээр батлуулах ажилд гар бие оролцсон. Түүнчлэн хоёр тогтоол, долоон хууль дээр ажиллаж эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг шинэчлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Би өөрийгөө эрчим хүчний салбартай хувь тавилангаараа холбоотой хүн гэж боддог. Энэ салбарт ажиллаж явлаа. Дараа нь салбарынхаа эрх зүйн орчинг сайжруулах хуулийг нь батлалцаж явлаа. Харин өнөөдөр гаргасан хуулиудаа амьдрал дээр хэрэгжүүлэх гэж байна. Бидний боловсруулж, батлуулсан хуулиуд энэ салбарт үнэхээр ач холбогдолоо өгч, эрчим хүчний салбар маань хүнд хэцүү нөхцлөөс гарч чадсан. Гэхдээ цаашид хийх ажил их байна. Ялангуяа 2015 онд баталсан Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтын хүрээнд хийх ажил их бий. Энэ бодлогын баримт бичигт "Монгол Улсын эрчим хүчний салбар нь хувийн хэвшилд тулгуурласан, төрийн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд шилжинэ гэсэн том томьёолол, бодлоготой байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллах ёстой.

-Өнөөдөр манай улсын эрчим хүчний нөхцөл байдал ямар төвшинд байгаа юм бол?

-Монгол Улс жилд зургаан тэрбум орчим кВт.ц цахилгаан хэрэглэж байна. Үүний 90 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 10 орчим хувийг нь гаднаас импортоор авч байна. Эрчим хүчний үнэ өртгийг дэлхийн төвшинтэй харьцуулахад өндөр биш. Гэхдээ зарим иргэдийн маань худалдан авах чадвартай харьцуулахад бага биш. Тиймээс бид олон тарифын тогтолцоо нэвтрүүлж, айл өрхийн сар бүр хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг хөнгөлдөг. Гудамжны гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн талбай болон цахилгаан тээврийн цахилгааны үнийг байнга бага төвшинд барьж байгаа. Цаашдаа ч бид хэрэглэгчдээ хандсан, хэрэглэгчээ анхаарсан төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Эрчим хүчний зохицуулах хороо 2017 оныг хэрэглэгчээ дээдэлсэн он болгоно гэсэн зорилго тавиад шинэ оныхоо ажлыг эхлүүлж байна. Энэ онд эдийн засаг хямралтай, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй, иргэдийн худалдан авах чадвар сул байх нь. Тиймээс бид эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөхгүйгээр тогтвортой барьж, хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар бүрдүүлэх ёстой.

-Эрчим хүчний салбарыг алдагдалтай салбар гэдэг. Өнөөдөр эрчим хүчний салбарын алдагдал хэр байна. Алдагдлыг бууруулах ямар арга зам байна вэ?

-Эрчим хүчний салбар алдагдалтай салбар байсан. Иргэдийн амьдрал хүнд байна гэдэг нэрээр төр засгаас олон жил цахилгааны үнэ тарифыг хөдөлгөөнгүй барьж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбар алдагдлаас гарч байгаа. Алдагдалгүй болж байгаа шалтгаан нь нэг талдаа олон тарифын тогтолцоо бүрдсэнтэй холбоотой. Нөгөө талдаа эрчим хүчний үйлдвэрлэлт тогтворжиж, зардлаа хэмнэж байгаатай холбоотой. Цаашдаа ч бид хэмнэлтийн горимыг баримталж, дотоод нөөц бололцоогоо дайчилж ажиллана. УИХ-аас 2015 онд "Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль”-ийг баталсан. Энэ бол том бодлого, Монгол Улсад аливаа барааг хэмнэх тухай гарсан анхны хууль. Эрчим хүчээ хэмнэнэ гэдэг үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллага, хувь хүн зардлаа хэмнэнэ гэсэн үг. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294-р тогтоолын дагуу жилд 5 сая кВт.ц.-аас дээш эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, 2 сая кВт.ц.-аас дээш хэрэглээтэй аж ахуй нэгжийг цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр, 5000 Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоох босго хэмжээг баталсан. Үүний дагуу 113 аж ахуйн нэгж үүрэг хүлээж ажиллана. Үүний зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа 28 компани эрчим хүч хэмнэж ажиллах үүргийг хуулийн дагуу хүлээж байна. Эрчим хүчний салбарт дотоод хэрэгцээний цахилгаан зарцуулалт өндөр, дамжуулалт түгээлтийн явцад эрчим хүчний алдагдал 759.7cая.кВт.ц-т хүрсэн гэдэг тооцоо гарч, эрчим хүчний салбар эрчим хүч хэмнэлтийн бодлогыг өөрөөсөө эхлүүлэхээр ажилдаа ороод байна.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Энэ талаар тодруулах нь зүйтэй байх?

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болж байгаа. Урьдчилсан тооцоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн халаасанд 4.8 тэрбум гаруй төгрөг үлдэнэ. Мэдээж хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргасан. Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан энэ шийдвэр байгаль орчинд ээлтэй, иргэдээ дэмжисэн, цагаа олсон шийдвэр болсон гэж бодож байгаа.

-Танд ямар төсөөлөл байна вэ. Гэр хорооллын утааг бууруулахын тулд цахилгааны үнийг тэглэлээ. Энэ хэр өгөөжтэй нөлөө үзүүлэх бол?

-Энэхүү хөнгөлөлтөд нийтдээ 146 мянган айл өрх хамрагдаж байгаа. Гэр хорооллын иргэд маань цахилгаан халаагуураа зөв зохистой хэрэглэж, 21.00-06.00 цаг хүртэлх нүүрс түлэхгүй, гэрээ халаагаад байвал хотын агаарыг бохирдуулж байгаа утаа багасана. Гэхдээ цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа бүрэн арилна гэж ойлгож болохгүй. Дэлхийн улс орнуудыг харж байхад утаатай тэмцэхийн тулд түлшнийхээ төрлийг өөрчилдөг, Хятад, Солонгос, Япон гээд олон улс орон утаагүй, хийн түлшийг хэрэглэж, агаарын бохирдлоосоо салсан туршлага бий.

-Манай улсад хийн станц байгуулах боломжтой гэж байсан. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Боломж бий. Би 2006 онд Эрчим хүчний судалгааны төвийн дэд дарга байхдаа Сонгинохайрхан дүүрэгт 400 кВт-ын хүчин чадалтай нүүрсний хийн цахилгаан станц байгуулж, туршиж байсан. Туршилтын үр дүн ч сайн байсан. Монголын ямар ч нүүрсийг хийжүүлж цахилгаан дулаанд, ахуйд хэрэглэх боломжтой гэдгийг бид тэр үед баталж чадсан.

-Цахилгаан станцуудыг хувьчлах талаар яриад байгаа. Энэ хэр зөв алхам юм бол?

-Монгол Улсын төр эрчим хүчний хувьчлалын талаарх бодлогоо аль эрт гаргасан. Эрчим хүчний тухай хууль, болон бусад эрх зүйн баримт бичгүүдэд эрчим хүчний дамжуулах сүлжээ төрийн өмчид байна. Бусад нь хувьд байж болно гэж заасан. Мөн төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод "Эрчим хүчний салбар нь хувийн хэвшилд тулгуурласан, төрийн зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд шилжинэ” гэж томьёолсон. Тиймээс хувьчлахаас айгаад болгоомжлоод байх хэрэггүй. Харин ямар хэлбэрээр хувьчлахаа л зөв сонгох ёстой. Сая би Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдоод нийтдээ 20 гаруй эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаар орлоо. Тэдний нэг нь "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компани. Нийтдээ гурван аймгийн 50 орчим мянган хэрэглэгчдэд үйлчилдэг энэ компани эрчим хүчний салбарт хамгийн анх удаа хувийн хэвшилд шилжин, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа цорын ганц компани. Тун сайн ажиллаж байна. Эрчим хүчний салбарыг хувьчлах боломжтой гэдгийг тус компанийн үйл ажиллагаа харуулж байгаа.

-Нүүрсний уурхайнуудын хувьд их гомдолтой байдаг л даа. Жишээ нь, "Нэг кг нүүрс 29 төгрөг. Хэтэрхий багаар үнэлж байна. Монголд 30 төгрөгөөр нэг кг нүүрс авч байна, өөр юу ч худалдаж авччадахгүй. Эрчим хүчний салбар нүүрсний үнийг хэтэрхий их үнэгүйдүүлж байна” гэсэн гомдол гаргадаг. Гэхдээ бидэнд хамгийн хямд өртөгөөр эрчим хүч гаргаж авах түүхий эд нь нүүрс л байх шиг байна?

-Нүүрсний уурхайнууд гомдол гаргах нь аргагүй. Өнгөрсөн 26 жилийн турш уурхайн нүүрсний үнэ, эрчим хүч худалдах үнийг Засгийн газар барьж байсан. Харин зах зээлийн харилцаанд шилжих явцад Эрчим хүчний зохицуулах хороо Засгийн газраас хараат бус байдалтайгаар хуулийн дагуу эрчим хүч, цахилгаан дулаан, нүүрсний үнэ, тарифыг зохицуулж байгаа. Үүний үр дүнд эрчим хүчний салбар алдагдлаас гарч байгаа. Цаашдаа ч алдагдалд орно гэж бодохгүй байна. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монголд нүүрсний үнэ хямдхан байгаа нь үнэн. Гэтэл манай иргэдийн худалдан авах чадвар, цалин хөлс дэлхийн төвшинтэй дүйж чадахгүй. Тиймээс өөртөө л тохирсон үнэ тарифтай байхаас өөр аргагүй.

- Сэргээгдэх эрчим хүчний хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилтэд та хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль сайн хэрэгжиж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, дулаарал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь цахилгаанаа хангана гэсэн улс ч байна. Манайд өнөөдөртөө ийм боломж байхгүй. Гэхдээ л сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн таван хувь байна. Үүнийг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэнэ гэсэн бодлого барьж байгаа. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа учраас хөрөнгө оруулъя гэсэн хүсэлт ч их ирж байна.

-Энэ онд эдийн засгийн хямралыг давтал бид эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийг дээдэлсэн бодлого баримтлах юм байна гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтийг 2012 онтой харьцуулахад маш муу дүн гарч байна. Эдийн засгийн өсөлт 2012 онд 17 хувь байсан бол өнөөдөр нэг хувьд хүрэхгүй байна, Монголбанк валютын нөөцөө шавхаж, гадны хөрөнгө оруулалт алга болсон. Энэ бүхэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр засгийн эрх барьж байсан улс төрийн хүчний алдаатай бодлоготой л холбоотой шүү дээ. Эдийн засгийн хямралтай үед эрчим хүчний салбар иргэдээ дээдэлж, тэдэнд дэм болж ажиллах ёстой. Эрчим хүчний зохицуулах хорооноос онгорсон оны арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ нь эрчим хүчний нийт хэрэглээний 94 хувийг хэрэглэдэг. Энэ хөнгөлөтөд нийтдээ 15 аймгийн 250 гаруй мянган хэрэглэгч хамрагдсан. Үүн дээрээ нэмээд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ. Цаашид ч хэрэглэгчээ дээдэлж, 2017 онд эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр дотоод нөөц боломжоо шавхаж ажиллана.


 

 

 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин